Ариун цэврийн өрөө ихэнх айлд хамгийн “амьгүй” булан байдаг. Гэхдээ зөв ургамал сонговол энэ жижигхэн зай илүү дулаахан, тайван мэдрэмжтэй болдог. Бас угаалгын өрөөний чийглэг орчин зарим тасалгааны ургамалд бүр таатай байдаг.
Хэрэв танай угаалгын өрөө гэрэл багатай, эсвэл цонхгүй бол ч санаа зовох хэрэггүй. Доорх 5 ургамал тийм орчинд харьцангуй сайн дасан зохицдог.
1. Драцена Сандера
Дэлгүүрүүдэд ихэвчлэн “хулс”, заримдаа “азын хулс” гэж зарагддаг ургамал бол энэ. Гэхдээ үнэндээ хулс биш, драценагийн төрөл юм. Гадна төрх нь цэгцтэй, орчин үеийн интерьертэй сайн зохицно.

Энэ ургамлын гол давуу тал нь тэсвэртэй. Сарнисан гэрэлд дуртай ч сүүдэрт бас амьдарч чадна. Харин гэрэл багадвал навчны өнгө арай бүдэг болно.
Драцена Сандераг хөрсөнд бус, шууд усанд ургуулах нь элбэг. Савандаа ус хийж ишийг нь байрлуулахад болно. Эсвэл жижиг чулуу хийж тогтоож өгч болно. Хамгийн чухал нь саванд нь үргэлж ус байх ёстой. Шүүсэн эсвэл тогтоосон ус илүү тохиромжтой. Шууд крантны ус хийж болох ч саван дээр цагаан өнгөр тогтох нь бий.
20–35 хэмийн дулаан, чийглэг агаарт сайн ургана. Тиймээс угаалгын өрөө энэ ургамалд яг тохирно. Навчин дээр нь тоос суудаг бол бүлээн усаар шүршиж, эсвэл зөөлөн угааж болно.
2. Хедера буюу плющ

Унжиж ургадаг, нягт навчтай энэ ургамал тавиур, шүүгээний орой, өлгөөтэй саванд маш гоё харагддаг. Ногоон “хөшиг” шиг унжаад л өрөөг шууд амьд болгочихно.
Плющ сүүдэрлэг буланд ч ургах чадвартай. Хэрэв угаалгын өрөөнд цонх байвал ямар ч төрлийг сонгож болно. Харин цонхгүй бол нэг өнгийн ногоон навчтай төрлийг авах нь дээр. Алаг навчтай сорт гэрэл дутвал ялгарал нь бүдгэрч, энгийн ногоон болдог.
Чийгтэй агаарт дуртай болохоор угаалгын өрөөнд нэмээд шүршиж арчлах шаардлага бага. Харин хөрс нь бага зэрэг чийгтэй хэвээр байх ёстой. Хэт хатууруулж болохгүй. Гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл сард нэг удаа навчит ургамлын эрдэс бордоо өгч болно. Гэхдээ зааварт бичсэн хэмжээнээс хоёр дахин бага байхад хангалттай. Бордоо хэтэрвэл навч унах, өсөлт саарах эрсдэлтэй.
3. Филодендрон

Тропикийн гаралтай, том навчтай филодендрон угаалгын өрөөг шууд л өтгөн ногоон булан болгож чадна. Хэрэв өрөө харанхуй бол нэг өнгийн ногоон навчтай сортыг сонгоорой. Алаг навчтай төрөл нь өнгөө хадгалахын тулд арай илүү гэрэл шаарддаг.
Филодендрон чийглэг агаарт дуртай. Тиймээс шүршүүр тогтмол ордог өрөөнд тав тухтай байна. Харин усалгааг ойр ойрхон хийх хэрэггүй. Хөрс байнга нойтон байвал үндэс нь ялзарч магадгүй. Савтай хөрсний дээд хэсэг бараг гуравны нэг орчим хатсаны дараа услахад болно.
Хэрэв ургалт нь удааширч, навч нь жижигрээд байвал гэрэл дутаж байгаагийн шинж. Тэр үед хэсэг хугацаанд илүү гэрэлтэй өрөөнд тавьж болно. Эсвэл ургамлын зориулалтын гэрэл ашиглаж болно.

Бордоог гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл хоёр долоо хоногт нэг удаа, харин өвлийн улиралд сард нэг удаа өгөхөд хангалттай. Навчит ургамал, фикус эсвэл дал модны зориулалтын иж бүрдэл эрдэс бордоо тохирно.
4. Сансевиерия
“Хадран сүүл” гэж хүмүүсийн хэлж заншсан энэ ургамал арчилгаа багатайгаараа алдартай. Хэрэв угаалгын өрөөнд цонх байвал бүр асуудалгүй ургана. Бараг бүтэн сүүдэртэй орчинд ч амьдарч чадна. Гэхдээ 6 сар тутамд 2–3 долоо хоног гэрэлтэй цонхны дэргэд тавьж амраавал шинэ навч гаргахад тустай.
Сансевиерияг ойр ойрхон услах шаардлагагүй. Угаалгын өрөө чийгтэй байдаг учраас хөрс нь ердийн өрөөнөөс удаан хатна. Тиймээс хөрс нь бүрэн хатсаны дараа л услаарай. Услахдаа навчин уг руу ус оруулахгүй, зөвхөн үндэс рүү нь чиглүүлэх хэрэгтэй. Үе үе навчийг нь чийгтэй алчуураар арчиж тоосыг нь авбал хангалттай.

Ид өсөлтийн үе буюу гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл сард нэг удаа бордоо өгч болно. Кактус, суккулент эсвэл навчит ургамлын бордоо тохирно. Гэхдээ хэмжээг нь 2–3 дахин багасгавал дээр. Хэт бордвол алаг навч нь нэг өнгөтэй болж мэднэ.
5. Аспидистра
Том, гялалзсан навчтай аспидистра угаалгын өрөөг тропикийн мэдрэмжтэй болгодог. Хамгийн сайхан нь энэ ургамал маш тэсвэртэй. Бараг л “мартагдсан” нөхцөлд ч олон жил амьдарч чадна.
Хагас сүүдэрт ч ургана, бараг харанхуй орчинд ч тогтоно. Гэрлийн хэмжээ гадаад төрхөд нь төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй. Зөвхөн алаг навчтай сорт бол цонхгүй өрөөнд өнгөний ялгарал нь буурч магадгүй.

Аспидистра 10–25 хэмийн орчинд илүү дуртай. Хэт халуунд дургүй учраас халуун шүршүүрийн дараа угаалгын өрөөг агааржуулж байвал сайн. Энэ ургамал хуурайшилтыг давдаг, тиймээс та хэд хоног мартсан ч амархан үхэхгүй. Харин хэт услах нь илүү аюултай. Үндэс ялзарч болно. Услахын өмнө хөрсний дээд хэсэг хэдэн см хатсан эсэхийг шалгаарай.
Бордоогүй байсан ч тэсчихнэ. Гэхдээ илүү сайн ургуулахыг хүсвэл дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл сард нэг удаа навчит ургамлын иж бүрдэл эрдэс бордоо өгч болно. Мөн л заасан хэмжээнээс хоёр дахин бага байхад хангалттай.
Сүүлд нь нэг сануулга. Угаалгын өрөөнд ургамал тавихдаа байнгын нойтон шал, халуун уур, агааргүй орчны тэнцвэрийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чийглэг байх сайн ч “живсэн” байж болохгүй. Гэрэл багатай орчинд нэг өнгийн ногоон навчтай, тэсвэртэй төрлүүд хамгийн найдвартай сонголт болдог.
