Интернэтээр явахад айдас төрмөөр хуучны хөргүүдээс “таалагдсан” болон “дургүй” царайгаа сонгоод зан чанараа мэддэг гэх Сонди тест тааралдаж байсан байх. Нуугдмал хүсэл, далд сэтгэлийг чинь ил гаргана гэж амладаг энэ тест өнөөдөр ч олон хүний сониуч занг хөдөлгөсөөр байна. Гэхдээ шинжлэх ухааны өнцгөөс харвал тийм ч найдвартай арга биш.

Сонди тестийг 1935 онд Унгарын психоаналитикч, сэтгэцийн эмч Леопольд Сонди боловсруулсан. Түүний санаа энгийн мэт. Хүн янз бүрийн хөрөг дундаас хамгийн таалагдсан, хамгийн зэвүү хүргэсэн нүүрнүүдээ сонгохдоо өөрийн доторх шинжийг мэдэлгүй “таньдаг” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, бидэнд таалагдсан ч бай, дургүй хүргэсэн ч бай тэр хүний зан чанарын хэсэг бидэнд өөрт маань бий гэж тайлбарладаг байв.

Сонди хүний зан төлөвийг хэд хэдэн “вектор” удирддаг гэж үзсэн. Тэр нь бэлгийн ялгаралгүй байдал, садизм-мазохизм, эпилептоид хандлага, истерик шинж, кататоник илрэл, параной, сэтгэл гутрал, мани зэрэг ойлголтууд байлаа. Өнөөдөр ийм нэр томьёоны зарим нь хуучирсан, зарим нь бүр буруу гэж тооцогддог. Энгийнээр хэлбэл, Сонди хүний зан араншин, сонирхол, хосын сонголт, мэргэжлийн чиг баримжаа, бүр царай төрх хүртэл удамшлын далд хүчнүүдээр тодорхойлогдоно гэж итгэж байсан гэсэн үг.

Тестдээ тэр сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүдийн 48 хөргийг ашигласан. Заримыг нь архив, анагаахын номноос, заримыг нь өөрийн өвчтөнүүдээс авчээ. Хөрөг бүрийг тодорхой оноштой холбож, тухайн онош нь тодорхой “вектор”-ыг илэрхийлнэ гэж үзсэн байна.

Анхны хувилбарт туршигч хүн зургаан багц хөрөг үзээд, багц бүрээс хамгийн таалагдсан хоёр, хамгийн таалагдаагүй хоёр нүүрийг сонгох ёстой байв. Харин өнөөдөр интернэтэд ихэвчлэн ердөө найман зурагтай хялбаршуулсан хувилбар л явж байна. Сондигийн үзлээр бол ийм сонголтоор хүний далд импульс, давамгай хандлагыг олж болно. Тэр байтугай ийм тестийг “хуурч” болохгүй, учир нь хүн асуултад хариулах шигээ санаатай дүр бүтээж амжихгүй гэж үздэг байжээ.

Гэхдээ асуудал эндээс эхэлдэг. Сонди тестийг дэмжсэн судалгаа бий ч тэдгээрийн ихэнх нь Сондигийн онолд зориулсан тусгай хэвлэлд гарсан байдаг. Зарим туршилтад оролцогчдыг 10-аас олон удаа тест өгүүлж, зарим үр дүнг нь бүр түүврээс хассан тохиолдол ч байсан. Ийм нөхцөлд “ажилладаг” гэж дүгнэхэд хэцүү.

Орчин үеийн шинжлэх ухаан энэ тестийг найдвартай арга гэж хүлээн зөвшөөрдөггүй. Эргэлзээ 20-р зууны дундаас эхэлсэн. Сэтгэцийн оноштой болон оношгүй хүмүүсийг оролцуулсан туршилтуудын ихэнх нь хүний зан чанар, сэтгэлзүйн онцлог ба таалагдсан хөрөг хоёрын хооронд тогтвортой холбоо олж чадаагүй.

Жишээлбэл, 1948 онд Британийн хоёр сэтгэцийн эмч нэг энгийн санааг шалгажээ. Хэрэв тест үнэхээр ажилладаг бол нэг ижил “вектор”-ыг илэрхийлсэн бүх хөрөгт тухайн хүн төстэй хариу үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бүгдэд нь дуртай байх эсвэл бүгдэд нь дургүй байх учиртай. Гэтэл бодит байдал дээр оролцогч нэг царайг таатай гэж, нөгөөг нь зэвүүтэй гэж үнэлсэн байдаг. Хэдий хоёр зураг онолын хувьд нэг ангилалд багтаж байсан ч шүү дээ.

Өөр нэг таамаг ч батлагдаагүй. Эмчилгээний өмнө ба дараа хүний сэтгэлзүйн байдал өөрчлөгдвөл Сонди тестийн сонголт ч өөрчлөгдөх ёстой гэж судлаачид үзсэн. Гэвч туршилтын дүн энэ таамгийг ч дэмжээгүй.

Тэгвэл хүмүүс хөрөг сонгохдоо юунд тулгуурладаг вэ? Судалгаанууд илүү энгийн тайлбар өгдөг. Зарим нүүр инээмсэглэсэн, тайван харагддаг болохоор илүү таатай санагдана. Харин ууртай, түгшүүртэй, ширүүн төрхтэй хүмүүс автоматаар дургүй хүргэж магадгүй. Мөн хүний өөрийн үзэл бодол нөлөөлнө. Жишээ нь дунд насны эрчүүдэд дургүй хүн тэдний зургийг сөргөөр үнэлэх нь огтхон ч “далд сэтгэл”-ийн баталгаа биш.

Түүнээс гадна Сондигийн бүх онол өнөөдөр хуучирсан гэж үздэг. Жишээ нь эпилепситэй бүх хүн түрэмгий байдаг гэх мэт дүгнэлт орчин үеийн анагаах ухаанд буруу. Хүний зан авирыг зөвхөн удамшил биш, ген ба орчны маш нарийн нийлбэр нөлөөлдөг гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулсан.

Тэгвэл яагаад энэ тест ийм алдартай хэвээр байна вэ? Нэгдүгээрт, хүмүүс ерөнхий, хоёрдмол тайлбарыг “яг намайг хэлжээ” гэж хүлээж авах хандлагатай. Үүнийг сэтгэлзүйд субъектив баталгаа гэж нэрлэдэг. Зурхай, мэргэ, эргэлзээтэй онлайн тестүүдийн “ид шид” ихэнхдээ үүн дээр тогтдог.

Хоёрдугаарт, Сондигийн онол маш “эрдэмтэн” сонсогддог. Хүнд нэр томьёо, сүртэй тайлбар нь олон хүнд үнэмшил төрүүлдэг. Гэвч хэцүү үг их байна гэдэг нь заавал шинжлэх ухааны нотолгоотой гэсэн үг биш.

Гуравдугаарт, хүмүүс далд ухамсраа сонирхдог. Асуултад хариулахаас илүү үл мэдэгдэх утгатай хуучны хөрөг хараад өөрийгөө тайлуулна гэдэг сонин, нууцлаг мэдрэмж төрүүлдэг. Тиймээс энэ тест контентын хувьд ч “амархан түгдэг”. Сошиалд ялангуяа богино видео хэлбэрээр хурдан дэлгэрдэг нь ч үүнтэй холбоотой.

Товчхондоо, Сонди тест сонирхолтой байж болно. Гэхдээ хүний зан чанар, сэтгэлзүйн байдлыг найдвартай тодорхойлдог арга гэж үзэх үндэс сул. Хэрэв сэтгэлзүйн зөвлөгөө авах гэж байгаа бол нотолгоонд суурилсан, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн аргууд ашигладаг сэтгэлзүйч, сэтгэцийн эмчид хандах нь илүү зөв сонголт.