Сошиалд хэсэж яваад “бүгд надаас илүү амжилттай юм шиг” санагдаж байсан уу? Эсвэл гэр бүлийнхэн, танилуудын “тэр хүүхэд ямар мундаг болсон гээч” гэдэг үг сэтгэл өвтгөж байсан үе бий юу? Өөрийгөө бусадтай харьцуулах нь бараг хүн бүрт байдаг зуршил. Гэхдээ энэ нь урам өгөхөөсөө илүү өөрийгөө голох, юу ч хийх хүсэлгүй болох мэдрэмж рүү түлхэх нь олонтаа.
Сэтгэл судлалд үүнийг “нийгмийн харьцуулалт” гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн амжилт, байр сууриа ойлгохын тулд бусдыг жишиг болгодог гэсэн үг. Энэ нь угаасаа хүний зан төлөвийн нэг хэсэг. Гэхдээ асуудал нь бид өөрийгөө хэнтэй ч биш, ихэвчлэн өөрөөсөө илүү мэт харагддаг хүмүүстэй харьцуулдагт оршдог.
Тийм харьцуулалт яагаад ийм хэцүү санагддаг вэ? Учир нь тархи үүнийг зүгээр нэг “бодлын тоглоом” гэж хүлээж авдаггүй. Судлаачдын хэлснээр, өөрийгөө дордуулсан харьцуулалт нь биеийн өвдөлт эсвэл нийгмээс шахагдсан мэдрэмжтэй төстэй тархины хэсгүүдийг идэвхжүүлдэг. Товчхондоо, энэ нь зүгээр л сэтгэлээр унах биш, биеэрээ ч таагүй мэдрэгддэг гэсэн үг. Зарим тохиолдолд сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн асуудлын шинж тэмдгийг ч хүчтэй болгож мэднэ.
Тэгвэл яах вэ? Өөрийгөө хэзээ ч хэнтэй ч харьцуулахгүй болно гэж бодох хэрэггүй. Харин энэ зуршлаа хянаж сурах нь чухал.
Юу таныг хамгийн их өдөөдгийг анзаар
Өдөр бүр олон хүнтэй харьцдаг ч бид байнга шаналж явдаггүй. Ихэвчлэн тодорхой нөхцөл байдал л сөрөг харьцуулалтыг өдөөдөг. Олон хүний хувьд энэ нь сошиал сүлжээ. Хүмүүс хамгийн гоё зургаа нийтэлж, жаргалтай мөчөө хуваалцаж, амжилтаа онцолдог. Та харин тэр бүхний ард байгаа бүтэлгүйтэл, айдас, урт хугацааны хөдөлмөрийг нь олж хардаггүй.
Зарим хүнд гэр бүлийн яриа өөрөө өдөөгч болдог. “Айлын хүүхэд” сэдэв дахин дахин сөхөгдөхөд өөрийгөө үнэлэх үнэлэмж амархан ганхдаг.

Ийм үед өдөөгчөө багасгах боломж бий. Сошиалд өнгөрүүлэх цагаа цөөрүүлэх, мэдээллийн урсгалаа шүүх, сэтгэл тавгүй болгодог хаягуудыг дагахаа болих, эсвэл ойр дотныхонтойгоо энэ сэдвээр зөөлөн хил хязгаар тогтоох нь тус болно. Өөрийг тань байнга шархлуулдаг харьцуулалтаас ашиг бараг гардаггүй.
Та бүх нөхцөлийг нь мэдэхгүй гэдгээ сана
Бусадтай өөрийгөө шударгаар харьцуулъя гэвэл амжилтын ард байгаа бүх нөхцөл, боломж, туршлага, давуу болон сул талыг нь мэдэх ёстой. Гэтэл бид ихэвчлэн зөвхөн үр дүнг нь л хардаг.
Жишээ нь, хамт ажилладаг хүн гадаад хэлээр маш сайн ярьдаг байлаа гэж бодъё. Та өөрийгөө түүнтэй харьцуулаад “би хангалттай хичээгээгүй” гэж дүгнэж магадгүй. Гэхдээ тэр хүн хүүхэд байхдаа гадаадад амьдарч байсан, хэлний сургуульд явсан, эсвэл өдөр тутамдаа тэр хэлээр ярьдаг орчинд өссөн байж болно. Харин та тэр хэлийг бие дааж сурсан байж мэднэ. Ийм хоёр өөр гараанаас ижил үр дүн шаардах нь шударга биш.
Харьцуулахын оронд суралц
Өөр нэгний амжилтыг хараад “би муу, тэр сайн” гэж бодох нь ямар ч ашиггүй. Харин “тэр хүнээс би юу сурч болох вэ?” гэж өөрөөсөө асуувал байдал өөрчлөгдөнө.

Өөртэй тань төстэй гараанаас эхэлсэн хүний түүх илүү урам өгдөг гэж сэтгэл судлаачид үздэг. Учир нь тэдний амжилт атаархал биш, боломжийн мэдрэмж төрүүлдэг. “Тэр чадсан бол би ч бас чадна” гэсэн бодол илүү эрүүл түлхэц болдог.
Өчигдрийн өөртэйгөө харьцуул
Өөрийгөө хэмжих хамгийн шударга шугам бол өчигдрийн та өөрөө. Энэ үг олон сонсогдсон ч үнэ цэнтэй хэвээр. Учир нь хүн бүрийн зам, хурд, нөхцөл өөр.
Магадгүй жилийн өмнө та гадаад хэлээр ганц өгүүлбэр хэлэхээс ичдэг байсан бол одоо төвөггүй ярьж эхэлсэн байж болно. Эсвэл өмнө нь ажлаа солих тухай бодохоос л айдаг байсан бол одоо анкетаа явуулж эхэлсэн ч байж мэднэ. Энэ бүхэн бол ахиц. Том биш мэт санагдсан ч ахиц мөн.
Бусдын түүхийг бид дутуу мэддэг. Харин өөрийнхөө замыг хамгийн сайн мэддэг хүн нь та өөрөө. Тиймээс жинхэнэ өсөлтөө тэндээс л хар.
Бусдаас үл хамаарах мотивац хай

Өрсөлдөөн заримдаа хөдөлгөдөг нь үнэн. Гэхдээ хөгжих цорын ганц шалтгаан энэ биш. Та ямар нэг зүйлийг зүгээр л дуртай учраас хийж байж болно. Эсвэл өөрийн хүрэхийг хүссэн тодорхой зорилттой байж болно. Жишээ нь, марафон гүйх, шинэ ур чадвар сурах, тодорхой хэмжээний хуримтлалтай болох гэх мэт.
Өөрийн гэсэн чиг баримжаатай хүн бусдын амжилтад ганхах нь бага. Учир нь түүний хөдөлгөгч хүч нь “хэн нэгнээс илүү болох” биш, “өөрийн хүссэн газартаа хүрэх” байдаг.
Өөртөө ч, бусдад ч арай эелдэг бай
Хэн нэгэн амжилтад хүрлээ гээд түүнийг өрсөлдөгч гэж харах албагүй. Зүгээр л баяр хүргэж болно. Түүнчлэн өөрийгөө ч үнэлж сур. Амьдралыг зөвхөн ялагч, ялагдагчтай тулааны талбар мэт харахаа больбол амьсгалах ч хөнгөрдөг.
Өөрийн хурдаар явж байгаа чинь хоцорч байна гэсэн үг биш. Таны зам өөр. Таны гараа ч өөр. Тиймээс бусдын амьдралыг хэмжүүр болгохын оронд өөрийн өсөлтийг анзаарч, суралцах зүйлээ авч, үлдсэнийг нь тайван орхих нь илүү эрүүл сонголт юм.
