Сошиалд бидэнд таалагддаг хүмүүсээс гадна бүр эсрэгээрээ уур хүргэдэг, дургүй төрүүлдэг хүмүүс ч бий. Гэхдээ хамгийн сонин нь заримдаа бид тийм хүмүүсээ блоклох, дагахаа болихын оронд улам их ажиглаад байдаг. Пост бүрийг нь харна, story-г нь алгасахгүй, зарим нь бүр дор нь очоод муу сэтгэгдэл үлдээнэ. Үүнийг хейтфолловинг гэж нэрлэдэг.
Энгийнээр хэлбэл, хейтфолловинг гэдэг нь дургүй, бухимдуулдаг хүнээ сошиалд дагаж, нууцаар эсвэл ил тод ажиглахыг хэлнэ. Тэр хүн таныг уурлуулж, зэвүүцүүлж, дургүйг чинь хүргэдэг ч та түүний контентоос салж чаддаггүй.
Яагаад ингэдэг вэ?
Нэгдүгээрт, хүмүүст ер нь л сэтгэл хөдлөл хэрэгтэй байдаг. Сэтгэцийн эмч, сэтгэл засалч Павел Бесчастновын тайлбарласнаар хүн зөвхөн таатай мэдрэмж биш, ямар нэг хүчтэй мэдрэмжийг өөрийгөө амьд байгаагаа мэдрэх хэрэгсэл шиг хайдаг. Мэдрэмжгүй, хоосон байдал олон хүнд таагүй санагддаг. Тиймээс сайхан сэтгэгдэл ховор үед сөрөг сэтгэл хөдлөл хүртэл “юу ч мэдрэхгүй байснаас дээр” болж хувирдаг.
Өөрөөр хэлбэл, амьдрал нэгэн хэвийн, уйтгартай үед уур бухимдал ч гэсэн нэг төрлийн өдөөлт болдог. Яг л аймшгийн кино үзээд айх, эсвэл галзуу хулганад суугаад хашхирахтай төстэй. Айдас, дургүйцэл өөрөө таатай биш ч хүчтэй мэдрэмж төрүүлдэг.

Хоёрдугаарт, хяналттай байгаа мэт мэдрэмж өгдөг. Хүн өөрийг нь түгшээж, цочроож байгаа зүйлийг ажигласнаар “би нөхцөл байдлыг мэдэж байна” гэж дотроо тайвширдаг. Ойд могой харсан хүн нүдээ салгалгүй харж байгаатай төстэй гэсэн үг. Сошиал дахь “таагүй хүн”-ээ ажиглах нь ч бас ийм сэтгэлзүйн механизмтай байж болно.
Харин коммент бичиж, маргаж эхлэхээр өөр төрлийн мэдрэмж нэмэгддэг. Аналитик сэтгэл зүйч, нейропсихолог Наталья Кауровагийн хэлснээр хүн нөлөөтэй, олны танил нэгэнд “нөлөөлж” байгаа мэт санагдаж, эсрэг талаа ялах хүсэлдээ автаж болно. Эндээс хүчтэй, бүр донтуулам мэдрэмж төрөх нь бий.
Гуравдугаарт, энэ нь уураа гаргах хамгийн амар талбар байж мэднэ. Сэтгэл зүйч Мария Богровагийн хэлснээр интернет бол бараг хариуцлагагүй шахам орон зай. Хүн ажлын газар, гэр бүл, ойр орчиндоо уураа гаргаж чаддаггүй бол сүлжээнд орж “уураа суллах” нь элбэг. Хамгийн ихдээ блоклуулна, тэгээд л өнгөрнө. Иймээс бодит амьдрал дээр барьж явдаг бухимдал онлайнаар асгарч байдаг.
Дөрөвдүгээрт, өөрийгөө зөв амьдарч яваа гэдгээ батлах хэрэгцээ нуугдаж байж болно. Хэн нэгний амьдралын хэв маяг, үзэл бодол, дүр төрх яагаад ингэтлээ уур хүргээд байна вэ гэдгийг бодоод үзвэл тэр хүн таны дотроо хориглосон, зөвшөөрдөггүй ямар нэг зүйлийг хийж яваа байж мэднэ. Өөртэйгөө зөрчилдөх энэ мэдрэмж зарим хүнийг “би л зөв” гэдгээ дахин дахин батлахад хүргэдэг.

Мария Богрова үүнийг хар цагаан сэтгэлгээтэй холбож тайлбарласан. Өөрөөр хэлбэл, “зөвхөн нэг л зөв амьдралын хэв маяг байдаг” гэж боддог хүн өөрөөс нь өөрөөр амьдарч, тэгээд бас аз жаргалтай харагдаж байгаа хүнийг хараад түгшдэг. Тэгээд тэр түгшүүрээ дарахын тулд коммент дээр маргалдаж, дотроо уурлаж, нөгөө хүнийг буруутгаж эхэлдэг.
Тавдугаарт, өөрийгөө өргөх амархан арга болдог. “Ямар тэнэг юм бэ, азаар би ийм биш” гэж бодох нь зарим хүнд түр зуур давуу мэдрэмж өгдөг. Тийм хүмүүс блогерын үгийн алдаа, логикийн цоорхой, жижиг сул талыг нь хайж олоод олон нийтэд зарлах дуртай. Ингэснээр өөрийгөө илүү ухаантай, илүү зөв хүн мэт мэдэрдэг.
Мөн энэ бүхний цаана бодит амьдралын асуудлаас зугтах оролдлого ч байж болно. Дургүй хүнийхээ постыг үзэж, уурлаж, маргаж суух хооронд өөрийн ажил, харилцаа, мөнгө, эрүүл мэндийн асуудал түр мартагдана. Нэг ёсондоо муурны бичлэг ээлж дараалан үзэж цаг үрэхтэй төстэй, зүгээр л анхаарал сарниулах арга.
Гэхдээ хейтфолловинг үнэхээр гэмгүй юу?

Үгүй. Нэгдүгээрт, энэ нь өөрийг тань шархлуулдаг. Сөрөг мэдрэмж өөрөө буруу биш. Уур, гомдол, зэвүүцэл бол заримдаа аюул, таагүй харилцааг анзаарах дохио болдог. Гэхдээ хэн нэгний хуудсыг зориуд үзэж, өөрийгөө дахин дахин уурлуулна гэдэг бол сайн дураараа өөрийгөө өвтгөж байгаатай адил. Өөрөөр хэлбэл, уйлж, өвдөөд байж кактус мэрдэгтэй ижил дүр зураг.
Хоёрдугаарт, цаг их иддэг. Хүний аккаунт нээгээд харах нь хэдхэн минут байж болно. Гэхдээ дараа нь төрсөн уур бухимдлаасаа салах гэж бас хугацаа орно. Толгой дотроо дахин дахин маргалдана, тэр постыг санаад бухимдана, дараагийн удаа бас орж шалгана. Ингээд бодоход хэдэн минут биш, бүтэн анхаарал урсаж байдаг.
Гуравдугаарт, танд дургүй хүргэдэг тэр хүндээ өөрөө тусалж байдаг. Сошиал сүлжээний алгоритмд бол үзэлт, дагагч, сэтгэгдэл л чухал. Та магтаж байна уу, муулж байна уу гэдэг нь ихэнхдээ ялгаагүй. Таны анхаарал тухайн хүний хандалт, түгээмэл байдал, нөлөөг нэмдэг.
Хэрэв та өөрийгөө хейтфолловинг хийж байгааг анзаарсан бол яах вэ?

Юуны өмнө өөрөөсөө “Яагаад?” гэж асуугаарай. Би яагаад энэ хүнийг дагаад байна вэ? Түүний постыг уншаад надад яг юу өгч байна вэ? Уур уу, зугаа юу, давуу мэдрэмж үү, эсвэл анхаарал сарниулах хэрэгсэл үү? Дагалтаа болиход юу саад болоод байна? Хэрэв би түүнийг харахаа больчихвол миний цаг, анхаарал юунд зориулагдах вэ?
Мария Богровагийн зөвлөснөөр, хамгийн түрүүнд ямар хэрэгцээгээ ингэж хангаад байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүчтэй мэдрэмж хэрэгтэй байна уу? Тэгвэл спортоор хичээллэх, концерт үзэх, шинэ зүйл туршиж үзэх боломж байж болно. Уураа гаргах арга хайж байна уу? Тэгвэл тэмдэглэл бичих, алхах, мэргэжлийн хүнтэй ярилцах нь илүү аюулгүй. Өөрийгөө зөвтгөх гээд байна уу? Тэгвэл яагаад бусдын өөр амьдрал таныг ингэтлээ хөдөлгөж байгааг тайван ажиглах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, сошиал дахь дургүй хүн рүүгээ дахин дахин орох нь тэр хүний тухай гэхээсээ илүү таны дотоод хэрэгцээ, эмзэг цэгийн тухай мэдээлэл өгдөг. Тиймээс “энэ хүн яагаад ийм вэ” гэж асуухаасаа өмнө “би яагаад ингэтлээ хариу үйлдэл үзүүлээд байна вэ” гэж асуух нь илүү хэрэгтэй байж мэднэ.
